Амьдрал

Хайртай шүү чамдаа

Хань минь

Гэрэлт өдрүүдийн уртад чи бид хоёр

Гэргий, хоймор болсоор ижий аав боллоо

Гэгээн тунгалаг инээмсэглэлийн өмнө

Сөгдөн байж нэгэн амь боллоо

Хайртай шүү чамдаа

Амьдрал минь 

Өвсний толгой бөхийлгүй

Сөл болох шиг

Нар сарны уртад гуниг төрөхгүйгээр

Гэгээн оддын дор бие нэгдэж

Намуун дэлхийн хэвлийд

Амьдрал боллоо

Нутагт минь одоо ...

                                                         Өвгөн багшийн минь өдөлсөн тоонотыг Хорго уул гэдэг

                                                         Өөрийн минь төрсөн нутгийг Хатанбулаг гэдэг

Толгодын энгэрээр зэрэглээ нуурлаж

Тогоруун цуваа тэнгэр зүсэн ирж яваа

Торгон цэнхэр үүлс газрын хэвлийг сүүдэрлэж

Тоонот гэрийн минь үүдээр бууцны үнэр ханхийж байгаа

Элснийх нь ширхэг бүрт амь минь орших

Эргэлийн зоонд минь хавар болж байгаа

Хонгор сэвшээ салхи өвсний толгой аргадаж

Хоёр гурваараа гөрөөс цахилж яваа өдийд

Байрнаасаа хөдөлсөн чулууны зовлонг өрөвдөхдөө

Багш минь өдийд шүлэг тэрлэн суугаа

Хоймор зүгийн тэнгэр түшсэн

Хоргын цэнхэр уулнаа хавар болж байгаа

Шингэх нарны туяанд уран зураг бийрлэж

Ширээ улаан тэмээд тэнгэрийн хаяаг чимж байгаа

Шинэхэн ногооны униар хөндий талаар анхилж

Шиврээ борооны түрүүч нутгийг минь үнсэж байгаа

Хальтрахад минь түшиж авах ижийн минь энэтэй

Хатанбулагт минь хавар болж байгаа

Хатанбулагийн наадам

Эзгүйг нь минь мэдсэн юм шиг энэ жилийн наадам бүр ч сайхан болж байгаа гэж Г.Мөнхцэцэг найрагч бичсэн байдаг. Нутгийн минь наадам ч сайхан болж байгаа даа

Хатанбулагийн наадам
Уяа уяа морьд нь нар мандахтай үүрсэж
Уурга барьсан эрчүүд цээжээ дэлгэн ханхайхад
Үүр цүүрийн цагаар хийморь даллан ирэх
Үүлэн хээтэй наадам Хатанбулагийг сэрээв
Өндгөө цэврүүттэл чимхсэн наадмын хуушуур амттай
Өвгөдийн найрсан тамхины утаа нь хүртэл аятай
Өлгий зэхэж тоссон ижий минь царай өнгөтэй
Өдий төдий бодлоос морьд эргэх нь сүртэй
Алдуурсан сэтгэлийн уяа соёолон морьтой ханьсаж
Ахын сойсон морь барианы зурхайг тамгалахад
Аравгар хээрийн домог зүрхэн дундаа эгшиглэж
Ардын дууны Алгирмаа дуу аялах шиг санагдана
Уяа уяа морьд нь нар мандахтай үүрсэж
Уурга барьсан эрчүүд цээжээ дэлгэн ханхайхад
Үүр цүүрийн цагаар хийморь даллан ирэх
Үүлэн хээтэй наадам Хатанбулагийг сэрээв

Хатанбулагийн Цэцэгээ

Хатанбулагийн Цэцэгээ

 

            Шаргал өвсний үзүүр сэвэлзүүлэх намрын өдрүүдэд цэлийсэн их талаас зээрийн сүрэг хуйлран хөдлөх нь нэг л их сэтгэлийн аялгуу, хөгжмийн утас амилуулах шиг. Их говь нутгийн намар амар амгалан. Хараа цуцам тэр л их талын зэрэглээ нь бий бийлгээ биелэх шиг, үл ялиг сэвэлзээ хөгжмийн чавхдас хөндөх шиг санагдана. Ийнхүү их говийн сайхныг хөндөх минь нэг л хүмүүнтэй холбоотой. Тэр хүнийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Соёлын Төвийн эрхлэгч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэндоогийн Цэцэг гэдэг. Хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж, урлагийн ирээдүй хойч үеийг багаас нь бэлдэж яваа олон сайхан уран бүтээлчдийн нэг. Энэ эгэл хийгээд эгэлгүй хүнтэй би Хатанбулаг нутгийн шүтээн болсон Эргэл хайрханы тэнүүн уудам зоон дээр анх ярилцсан юм. Түүний хийсэн, бүтээсэн зүйл сум орон нутагтаа төдийгүй бүс нутагтаа нэлээд үнэтэйд тооцогддог. Тэр ч утгаараа Хатанбулаг суманд болж буй соёлын үйл ажиллагаа Цэцэгээ эрхлэгчийн хатуухан шүүлтүүргүйгээр өнгөрөх нь ховор. Тэрбээр 1985 онд анх соёлын төвийн эрхлэгч гэдэг албан тушаалд томилогдсон гэдэг. Тухайн үед бас ч гэж сумын соёлын төв “Задгай цагаан үүл”, “Хүмүүн төрөлхтөн”-ий аянд хөл товшин бүжиж, хот газраас ирсэн шинэ кино гаргах, урлаг соёлыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх гээд чамгүй их ажил өрнүүлдэг байсан цаг. Тэр ч утгаараа Ц.Цэцэгээ кино механикч Цагаанхүү, номын санч н.Цэндмаа хоёрынхоо ач тусаар соёл урлагийн цагаан толгойг заалгасан гэж ярих дуртай. Уг нь урлагийн сургууль төгссөн энэ бүсгүй хот газар бараадаж болох л байсан. Даанч төрсөн нутаг сайхан хамт олон нь сэтгэл, зүрхийг нь уяад болоогүй хэмээн ярьж байлаа. 20 гаруй жил тухайн соёлын төвийн эрхлэгч хэмээх албыг хашихдаа нутагтаа төдийгүй бүс, цаашлаад улс орноо хөгжүүлэхийн төлөө чамгүй ихийг бүтээжээ.

Хүн уран бүтээлч сэтгэлгээгээр амьдарна гэдэг хамгийн сайхан ч зарим тохиолдолд хувийнхаа амьдралыг хойш нь тавих болдог. Гэвч Цэцэгээ эрхлэгч соёлын төвийнхөө хаалгыг цоожтой хаяж үзээгүй гэхэд болно. Тийм дээ ч аймаг бүсийн чанартай олон арга хэмжээг сумдаа зохион байгуулсан. Тухайлбал ерөөлч, магтаалч Сундуйн нэрэмжит уулзалт, баруун бүсийн сумдын уулзалт тоглолт, ардын авьяастнуудын урлагын их наадам, малчдын дунд урлаг, спортын наадам зэрэг урлагийн гавьяат жүжигчин Ухнаагийн нэрэмжит хүүхдийн бүжгийн их наадам, Сэвжидийн 90 жилийн ойг угтаж “Хөдөө нутгийн залуус” бүжиг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаас гадна ардын авьяастны тоглолтыг жил бүр зохион байгуулаад зогсохгүй уламжлалт яруу найргийн наадмыг хийдэг ажээ. Иймээс урлагийнхан түүнийг Цэндоогийн Цэцэгээ гэхээсээ илүүтэйгээр Хатанбулагийн Цэцэгээ гэж дуудах болсон гэдэг.

Өнөөдөр малчдын дунд бүү хэл урлагийнхны дунд ч уралдаан тэмцээн, зохион байгуулах санаа шийдэлгүй соёлын төвийн эрхлэгч нар олон бий. Гэвч Ц.Цэцэгээ жилийн дөрвөн улиралд үүрийн цолмонгоос үдшийн бүрий хүртэл, халуунд халж, хүйтэнд хөрж явдаг малчдын хүсэн хүлээдэг соёлын өдөр буюу малчдын өдөрлөгийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ өдөрлөгийн хүрээнд ардын урлагийн тоглолт болон спортын бүхий л арга хэмжээ явагддаг юм байна. Тэр ч бүү хэл зарим малчны эхнэр нь сайхан дуулдаг ханьдаа зориулж урлагийн тоглолтын дээл, цамц оёж өгсөн нь Хатанбулаг суманд урлагийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй явдгийн нэгэн жишээ биз ээ.

Малчдынхаа дунд соёлын ажлыг зохион байгуулаад өнгөрөх биш шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлэх чин сэтгэлийн зорилгыг Цэцэгээ эрхлэгч бодолдоо тээж явдаг. Тиймээс малчин залуучуудаа дэмжиж тэдний авьяасыг нээж цаашид хөгжүүлэх зорилготойгоор урлагийн наадам зохион байгуулдаг байна.

Орон нутгийн соёлын хөгжилтэй салшгүй холбоотой зүйл бол түүхэн сурвалжит ном судар, музей, түүх дурсгалт газрууд байдаг. Эдгээр үнэ цэнэтэй эд зүйлээ хамгаалж, хөгжүүлэх ажил мөн л Цэцэгээ эрхлэгчийн ажлын нэг хэсэг нь болдог байна. Тэрбээр эдгээр түүх дурсгалаа нутагтаа ирсэн зочдод танилцуулж, цаашлаад нутаг орныхоо унаган байгалийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарч ирсэн. Мөн нутгийн иргэддээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн төлөө олон арга хэмжээ зохион байгуулж, орон нутаг сурталчлах кабинетийг хүртэл байгуулсан талаар нутгийнхан нь ярьж байлаа.
  

Аливаа зүйлийг санаачилна гэдэг ажилч хичээнгүй хүн бүрээс гарч байдаг хөдөлмөрч зан. Энэ зан Цэцэгээ эрхлэгчид төрөхөөс нь байсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Нутаг орныхоо соёлын хөгжлийн төлөө ажиллахаар ирсэн хорин хэдтэй бүсгүй тухайн цаг үед ажлаа юунаас эхэлж хийж бүтээхээ мэдэхгүй байсан гэдэг. Харин одоо улс орныхоо өмнө хийсэн бүтээсэн зүйлтэй, байгуулсан гавьяатай сэтгэл бахдам зогсч байна.

Хийе бүтээе гэсэн хүн өчүүхэн зүйлээс л амжилтын гараагаа эхэлдгийн амьд жишээ энэ юм. Ц.Цэцэгээ эрхлэгчийн нутгаа гэсэн сэтгэлд зун цагийн наран жаргах, тэнгэрийн уудам хааяа мэт ажил амьдралын их үйлс хослон давалгаалж ирээдүйн зүг тэмүүлсэн тэмүүлэл нь хойч үед минь их эрдэм болж үлдсээр л. Түүний зовлон даах сэтгэлийн их тэвчээр, ажил үйлс бүтээхийн төлөөх чин шударга зориг хоёроор нь нутгийн олон, ахан дүүс нь бахархдаг. Тиймдээ ч Цэцэгээ эрхлэгчийн зүрх сэтгэлд хийсэн бүтээснээсээ илүү, хийж бүтээхийн төлөөх их үйлс, гүн цэнхэр далайн давалгаа мэт долгиолон байдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.

 “Урлагт хайртай хүн бурхныг ч бүтээдэг” гэсэн мэргэдийн үг бий. Тэгвэл их говийнхоо шаргал наран дор зэрэглээ бүжиглүүлж, салхи дуулуулсан энэ л эгэл хийгээд эгэлгүй ачтан наран мандах зүгээс монголын ард түмэнд их урлагийг бэлэглэж байна. Энэ бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Цэцэгээгийн тарьж ургуулсан соёлын өв билээ.

 

 

 

Хүсэл

Ургахын улаан нарыг

Уулын орой дээрээс ажиж

Учирсан амрагийнхаа энгэрт

Уруулын хээгээ үлдээж

Урьдын амьдрал, сэтгэлийн гунигаа

Уншсан номтойгоо хамт

Ширээн дээрээ үлдээгээд

Уудам тэнүүн орчлонд

Өөрийгөө эрэн аялах

Урт холын бодлоо

Цэнэглэж аваад гармаар

Энэ цагийн дэггүйхэн бодлоо

Эрин зуунд тэмдэглэн үлдээхсэн

Амрагийнхаа дуулсан дууг

Аялж хажууд нь алхахдаа

Холын холоос ирсэн мэт

Өмнө нь очиж зогсоод

Хайртай гэдэг үгээр

Амьдралаа гагнаж үзмээр байна

Ядам хуруундаа хуримын бөгж зүүж

Яруухан аялгууг  аялахдаа

Аз жаргалын түмэн цэцэг сүлжиж

Амьдралд хайртай бүхэнд бэлэглэмээр

Энэ цагийн дэггүйхэн бодлоо

Эрин зуунд тэмдэглэн үлдээхсэн

 

 

Намрын зурвас / радио зураглал /

Цонхон дээр шулганалдах шувуудын жиргээн холдож, намрын хяруу моддын оройг чимжээ. Гадаа өчүүхэн ч салхигүй атал шаржигнанхан унах навчис, шувууд нь буцсан нуурын долгисыг ажихад гуниглангүй харцаар намайг ширтэнэ. Миний сэтгэлд намар хэдийн иржээ.

            Намрыг би шувууд буцах цуваа, навчисын бүжин бүжин унах чимээ, хөнгөн аяст аялгуу, өглөөний хяруугаар л төсөөлдөг.

Харин энэ удаад арай өөрөөр намрыг мэдэрч байлаа би. Оршин буй бүхэн, оршин тогтнох бүхэнд сайхан бүхнийг хүснэм. Дээр нь намраас надад өгсөн хамгийн том бэлэг нь “Намрын зурвас” байлаа.

Хайраар жигүүрлэсэн насны минь тунгалаг бүхэн надад намраар л ирдэгсэн. Гэгэлзэн гэгэлзэх бодлын алтан утас мэтгэх мэт санаашрал, тэртээ алсад одсон шувуудын сүүлчийн өд хаана очиж шингэдэг болоо гэсэн тэнэгхэн бодол, бээрсэн гараараа ингэнийхээ сүүг ивэлгэж зогсох  эгчийн минь сэтгэл юунд ингэтлээ догдолж байдаг бол гэсэн эрлийн асуултуудын хариултыг намар л надад ганцхан зурвасаар илгээдэгсэн.


Ижий шиг дулаахан, аав шиг нөмөртэй намар цаг чиний илгээсэн зурвасын хариуг би өнөөдөр л оллоо. Чиний надад илгээдэг тэр Алтан навчисын бүжиглээн, мөнгөн хяруун гялбаан, тэр их хөнгөн айзам аялгуу намраас хүмүүн бидэнд өгч байгаа сэтгэлийн их энэрлэн ажгуу.

Намраа, би чамайг сэрчигнэн сэрчигнэх навчисын чимээ, шувуудаа хүлээн гуниглах нуурын долгис, нарны алтан цацраганд солонгын долоон өнгө үүсгэн бүжих мөнгөн хяруутай чинь цуг сэтгэлийн хоймортоо залая.

Намраа, харин чи надад Гэгээн алсад одсон тэр оддын тухай, сэтгэлээс яагаад мянга мянган бодол хөвөрдөг тухай, тэгээд түүндээ хүрч чадахгүй хүмүүс яагаад гунидаг тухай, бас сайхан бүхнээс гэрэл мөнхөд цацардаг тухай надад дараагийн “Намрын зурвас”- аа илгээгээрэй.

Тэндээс би оддын мишээл сэтгэлд шингэж зүрхэнд хүрдэг сайхныг, бодлын хэлхээ хүмүүсийг хайраар холбодгийг, гэгээтэй бүхэн мөнхөрдгийг энэ дэлхийн хүмүүн бүхэнд хүргэхийг хүснэм.

Надруу ирэх зөнч шувуу Намрын зурвас минь, надаас он цаг руу хөрвөх орчлонгийн анир минь ... Намрын тухай Намрын зурвас билээ.

 

Авдар цайтай наадам

 Авдар цайтай наадам

 Үдийн нар унийн толгой аргамжиж, тогоотой цайнд морьдын янцгаалт, хүүхдийн гийнгоо шингэсэн зуны сайхан зураглал дөрвөн улирлын эргэлт бүхэнд санаанд минь бууна. Аав минь өглөөн нартай уралдан босч уяа морьдоо эргэхдээ,  алсад сүүмэлзэх зэрэглээний их усан долгисыг ажин   хэсэг зогсдогсон.

Зуны эхэн сар гарахтай зэрэгцэн наадмын тухай бодол уяач бүхний толгойд эргэлдэнэ. Өнгөрсөн жил манай муу хул гүүнээс гарсан хонгор унага энэ жилийн наадамд сойход айраг амсах нь лавтай шүү гэж дүүдээ учирлан суух аавын минь яриа одоо ч чихэнд сонсогдох шиг.   Аав минь  голдуу хул хонгор зүсмийн морьтойсон. Тухайн үед манай суманд аавын уяа морьдтой зүс ижилсэж уралдах морь байгаагүй санагдана. Аав минь сумандаа шаггүй сайн уяач байсан. Тухайн үед сумын уяач нарт цол өгдөг байсан бол аав минь “Сумын алдарт уяач” цолыг авах болзлыг хэд давуулан хангасан гэхэд болно.

Тэр үед манайх Хятадын ”Бээжин жийп”-тэй байсан нь санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ л “од” болж байсан машин. Аав машинаараа морь даган давхихад таана хөмүүлийн толгой хүлгийн төвөргөөнд бөхийн, нялх ногооны үнэр хамрын үзүүр гижигдэн ард  хоцордогсон. Дээр нь уяач, унаач бүхний сэтгэл, хөлс шингэсэн тэр сайхан эрийн хийморь биднийг үргэлж мөнх дагадагсан.

Аавын уясан морьдыг том ахынх нь хоёр ихэр банди унаж хурдлуулдаг байлаа. 90 хэдэн оны сумын наадмын бай шагнал Хятадын цаасан боодолтой ногоон цайнаас хэтэрдэггүй байсан үе.  Тэр нэгэн зуны наадмаар манайх бүтэн жилийнхээ цайны хэрэгцээг хангаж байсан юм. Одоо ч цайны байтай наадам үгүй болоо биз ээ.

Аав тэр хавийнхаа уяачидтай нийлэн нэг уяа үүсгэн уяа моридоо сойдог байсан юм.  Тухайн үеийн сумын сайн сайн уяачид аавын уяан дээр ирэн хууч хөөрч морь шинжин суудагсан. Хэний морины хоол таарч, хэний морины хоол багадаж эсвэл ихдэж байгааг хэлж сурган, моридынхоо уяа сойлгыг тааруулах тал дээр өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ хийдэг байсан. Би хэдийгээр жоохон байсан ч аавынхаа дэргэдээс салдаггүй байсан учраас тэдний яриаг сайн сонсдог байлаа. Аав морь уяхдаа доод тал нь гурван морь уядаг байсан санагдана. Тэр үед аавд минь Хэнтий, Сүхбаатар аймгийн угшилтай хурдан удмын морьд нилээн байсан юм. Ямарсайндаа л нэг наадмаас арав гаруй ногоон цай авч байхав дээ.

       Наадам дөхөх бүр сэтгэл нь догдлон, нойр нь хулжин байдаг нь унаач хүүхдүүд билээ. Яг л уяа морьд шигээ өөрсдийгөө сойдог гэхэд болно. Тэд миний морь түрүүлнэ. Чинийх давхихгүй ээ. Урд шөнө хоол нь ихэдсэн гэж хэн гуай тэгж ярьж байна лээ. Үгүй ээ чинийх ч бас чамайг мориныхоо амийг энэ янзаар нь авч яваад байвал морь чинь замдаа цуцана гэж байна лээ гэх мэтээр нэг нэгнээсээ илүү гарах гэж үзэцгээнэ. Гэхдээ наадмын өдөр хүүхэд морь хоёрын хэн хэн одтой хийморьтой, самбаатай  байж л айраг амсана.

Улсын наадам болохоос өмнө сунгаа гэж том сорилго бий. Тухайн сар өдрийн сайныг нь хүлээн байж морьдоо тарлана. Энэ нь бэсрэгхэн наадам юм. Тэд яг л наадамд уралдах гэж байгаа юм шиг хөөрцгөөн өглөө эрт босон уяа моридоо өнгөлнө. Унаач хүүхдүүд гийнгоо өргөн зурхайгаас  эргэх үед морьд ирж яваа зүг эмээ ээж нар дуран сунган өөр хоорондоо ярилцана. Манай эмээ хүүхдүүдээсээ илүү уяач гэхэд хилсдэхгүй. Өөрийн мэдэх зүйлээ хүүхдүүддээ хэлж зөвлөнө.

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Эргэл хайрхан гэж нутгийн тахилгат хайрхан бий.  2005 онд Эргэл хайрханыг тахихад манай өвөө Монгол улсын хөдөлмөрийн баатар Сэргэлэнгийн Чимэддорж шүдлэн насны морьдын бай шагналыг даахаар болсон юм. Тухайн үед  манайхан бүгд л морь уяж байж билээ.

Өвөөг наадмын шүдлэн морьдын бай шагналыг даадаг жил, шүдлэн насны морьдын айраг түрүүг бүгд манай гэр бүлийхэн авч  байлаа. Бүр тодруулвал Түрүүг нь өвөөгийн том хүүгийн, аман хүзүүд өвөөгийн хүргэний, гуравт хүргэний дүүгийн, дөрөвт өвөөгийн бага хүү, айргийн тавд манай аавын шүдлэн морьд орж байж билээ.  Энэ үнэхээр ховор тохиолдол гэж надад бодогддог.

Аавтай, авдар авдар цайтай наадмыг үзэлгүй таван жилийг үджээ Би ...

Ай одоо алтан говийн бор толгод морьдын тоосонд өндөлзөн, Эргэл хайрхан наадмын их асар шиг зэрэглээ сандаан сүмбэрлэж байгаа даа.  

Сувдан аялгуу

Санахын зуур зүрхний минь орон зайд лугших

Сар холын амрагийн дуу минь

Салж өгөхгүй бодлын минь гүнд

Саруул талын уянга шиг юунд хоргодном бэ

Саналаа би чамайг

Санаашралын эгшиг - хайрын дуутай

Шувууд нисгэлээ чиний зүг

Сувд мэт аялгууг - хайрын захиатай

Хайрлахын зуур харцанд минь үзэгдэх

Хувирашгүй итгэлийн саран минь

Хөөрч догдолсон сэтгэлийн хойморт

Хаан мэт тухлах нь юуных вэ

Хүлээхийн зуур хүрээд л ирэх шиг

Үлгэрийн гэмээр зүүд минь

Үүрд санагалзах итгэлийн утсыг

Үсэнд минь мэтгэж үлдээх нь үүрдийнх үү

Саналаа би чамайг

Санаашралын эгшиг - хайрын дуутай

Шувууд нисгэлээ чиний зүг

Сувд мэт аялгууг - хайрын захиатай

Яг л миний амраг шиг маргааш ...

Яг л миний амраг шиг маргааш

Надтай учирна

Яг л амраг шиг минь тэврээд

Амраг шиг минь үнсэнэ

Ижийн шиг минь маргааш

Нартай бас сартай

Намайг угтана

Тэгэхдээ

Зөөлөн аялгуугаар

Зүрхийг минь хөглөж

Зун шиг яруухан дурсамж үлдээнэ

Яг л миний ижий  шиг

Бас амраг шиг минь маргааш

Надтай дахин учирна

Тэгэхдээ

Халуухан бас үүрдийн хайраар

Гарыг минь үнсэнэ

Ижий шиг бас амраг шиг маргааштай

Өглөө бүхэн би учирна

Хонгорзул

“Хонгорзул”

Дуу, хүн хоёр хүйн холбоотой байдаг ажгуу. Говийн ширүүн салхи хүмүүний уянгалаг дуунд номхорч, тэр дуунд нь ботгоноосоо хагацсан ингэн тэмээний буйлаа хээрийн салхинд замхарч, харууссан сэтгэлийн нулимс нь толгодын энгэр дээр шиврэхэд, хорвоо уяран нэг л зөөлөн ...

            Аав минь найрын ширээний хойморт суугаад “Ятгын аялгуу шиг дуунд нь согтмоор Янжинлхам бурхан шиг Хонгорзул минь” гээд нэг их яруухан өнгөөр аялахад, найрын ширээний ууц хүртэл дуу аялж, айраг хулан дотроо бүжиглэх шиг санагддаг сан.

            Тийнхүү, аав минь мөнгөн аяганд нэрмэл мэлтэлзүүлэн бариад, тоонон цамхраагаар хөхвөртөх тэнгэрийг ширтэн, цээжнийхээ гүнд уудам цээл орчлонг багтаан багтаан дуулна уу гэлтэй харагддагсан.

            Хорвоо дуунд дуртай. Дуунд ард түмэн хайртай. Аав минь Хонгорзулыг дуулах дуртай.

            Би аавыгаа санахаар дуртай дууг нь аялж өнчин дэрэн дээр мөнгөн сараар хань хийдэг. Айлын найран дээр ах нар Хонгорзулыг дуулахаар нүдэнд минь нуурын усан долгилж, хорвоо аавыг минь авсан ч Хонгорзул дууг аваагүй нь яамайдаа гэсэн тэнэгхэн бодол өвөртөлж, өөрийгөө баярлуулан суудаг юм.

            Ингээд бодохоор дуу, хүмүүний зүрхэнд дурсамж болон үлдэж хааяа нэг гуниглуулах нь уйтай ч, хонгор сэтгэлийн минь гүнд, хатан аялгуу болж уянгалах нь нэн таатай.

Гашууны говь

“Гашууны говь”

Говийн салхинд туугдсан элсэн манхан өндөр уул мэт харагдах нь сүртэй. Дуутын тойром шиг хэдэн улаан тэмээ Гашууны говийг эмжин идээшлэх нь зуны шингэх нарнаар туяаран харагдах үдшийн тэнгэр шиг сайхан харагдана

            Түүний дунд Оцон хад алсыг ширтэх мэт, үдшийн хөх зэрэглээнд хөхөртөн байх нь сэтгэлд нэг л уяхан. Өвөө минь өглөөн нартай уралдан босч хэдэн улаан тэмээгээ ус эргүүлэн, Гашууны говиор идээшлүүлнэ

          Энэ л хэдэн тэмээ их говийн үзэсгэлэн, зун цагийн уран зураг гэлтэй. Ботгондоо тэмүүлсэн ингэн тэмээний буйлаа Гашууны говийн уянгалаг хөгжим болох нь, дэлхийн сонгодог хөгжмөөс ч илүүтэйгээр сэтгэл татна.

            Зуны халуун наранл төөнөгдсөн элс нь үдшийн зэрэглээнд сүлэгдэн, их уст нуур мэт долгоилон харагдах нь ертөнцийн уран хөхөлбий толбо болж, сэтгэл зүрхийг баясган хорвоог чимнэ.

            Гашууны говийн энгэрт тэмээгээ хариулан, хөдөө нутгийн цэвэр тунгалаг агаарт өдий хүртэл жаргаж яваа өвөөгийн минь, тэмээ шиг их тэвчээр, говь шигээ халуун дулаахан сэтгэл нь Гашууны говийн оршин байхын нэгэн утга учрыг тодорхойлж ч байж болох юм ...

            Өвөө, Говь хоёр, тэмээ, итгэл хоёроор холбогдсон их хувь зохиол юм ...

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хайртай

Хайртай би чамдаа

Хаврын бороо ороход

Хачин их баярладаг шигээ хайртай

Харц минь цэцэгсийн өмнө бүдэрдэг шиг

Би чамдаа хайртай

Аз жаргалтайгаар өрнөдөг зүүд шигээ

Арван тавны саранд хүслээ шивнэдэг шигээ

Ард минь үлдэх нандин он жилүүд шигээ

Ахиж олдохгүй арван найман нас шигээ

Чамд би хайртай

Мянган шүүдрийн дуслыг ижийдээ өгөх гэсэн

Олон олон мөрөөдөл шигээ

 Мөнхийн энэ орчлонгийн урсгалд

Хөвөрч дуусдаггүй сэтгэлийн утас шигээ

Чамд би хайртай

 

 

 

Ижийн минь үнссэн уруулын хээ

Ингэн буйлаа сэтгэл эсгэх цагаар

Их мэдэхийн аялалд намайг мордохын үест

Инж мэт цэцэгс үзэсгэлэнгээ нуун  гунижээ

Эвийгээ дэлгээд ижий минь

Баруун хацрыг минь үнссэн дээ

Тэр уруулынх нь хээнд

Орчлонд намайг төрөхөд угтсан

Одтой тэнгэрийн мишээл

Их холоос үрээ санагалзсан

Ижий минь хайртай цуг бий

Тэр уруулынх нь хээнд

Үлгэр жаргаах үдшээр намайг аргадан

Үнэг хайчлж, зүүдийг минь зөөллөсөн  аавын

Үүлэн шаргал морины туурайн чимээ,

Үдшийн гялаанд бүртэлзэх  домог ч бий

Тэр уруулынх нь хээнд

Өрсөн тоглоомоо үлдээсэн

Өндгөн бөмбий  толгод минь

Хормойгоо гоёсон цэцгээ

Салхин захидал болгож

Холын нутгаас намайг даллах

Сайхан үнэр нь ч бий ...

Сайхан бүхэн  минь

Санахын минь аргамж алдуурчээ ...

Ингэн буйлаа сэтгэл эсгэх цагаар

Их мэдэхийн аялалаас охин чинь буцаж явна

Инж мэт цэцэгс дэлбээгээ нээн мишээжээ

Эвийгээ дэлгээд ижий минь

Зүүн хацрыг минь үнсэнэ дээ

 

Хавар байж ...

Сонин жигтэйхэн амьсгал

Цонхоор мэдрэгдсэн нь

Хавар байж

Солонгын долоон өнгө

Цээж нэвтэртэл туссан нь

Хавар байж

Гудамжаар  охид

Гунхан гунхан алхах нь

Хавар байж

Голын эрэг залуус

Хайраар гэрэлтэн болзох нь

Хавар байж

Моддын орой дээр

Болжмор жиргэлдэх нь

Хавар байж

Бошинз өмсөж, гэзгээ задгайлмаар

Дүрсгүйхэн бодол минь ч

Хавар байж

Орчлонгийн нэгэн өглөө

Өөр нэгэн инээмсэглэлээр

Намайг сэрээсэн нь

Хавар байж

Найргийн үгс

Дэвтэрт минь зочилж

Нар инээвхийлэн гэрэлтэх нь

Хавар байж

Зүрх минь

Эгэл бүхэнд хайр зарлан

Энгэрээс минь цэцэгс дэлгэрэх шиг болох нь

Ертөнцөд хавар ирсэний дохио байж

Бөртэ Солонго

Таван зүйлийн өнгө ялдам

Цэцэгсийн дэлбээг аргадан

Таван тивийн чихнээ дуу хадаан

Мөнхийн үзэсгэлэн ирнэ

Цэн цэнгийн шувуудын

Үлгэр хөгжөөн

Цэлгэр талын хөвөөнөө

Охин цэцэг соёолно

Зуун шөнөөр нойроо хугасласан

Ижийн минь зовлонг нимгэлж

Зулзаган моддын нахиа аргадахдаа

Инж цэцгийн дэлбээг ичээн байж

Зүүдэнд минь учирсан гоо

Миний энгэрт эрхэлнэ

Насны минь жаргал ирэхгүй удах вий гэсэн

Нууцхан бишрэлээр зүрхээ аргадахдаа

Нулимс дуслуулан  шувууд буцдаг

Намрын нуурын эргээс буцан

Хөх яргуйн эгшгээр дуулал түрэн

Холын шувуудыг зүрхэндээ наадуулан

Хорвоогийн жаргалыг дууддаг болохоор

Хаврын нуурын долгисыг зорилоо

Санчиганд минь ухаарал дагуулан

Сэтгэлд минь уярал хайрлах

Бурхадын өргөсөн сүүн цацал чи

Буруугүй явсан заяаг минь түшиж

Наран шингэсэн их хайранд минь

Нуган үр болон шумбах үест

Эх газрын хэвлийд

Эхэлж сонсох үг чинь Бөртэ Солонго

Ирээдүйн гоо үзэсгэлэн

Энгэрт минь дуулах охин үр минь

Энэ чиний нэр ... Бөртэ Солонго, Бөртэ Солонго

Эр хүний гуниг...

Эр хүн таны гуниг чинь хаанаа нуугддаг юм бэ?

Эр бор харцагын

Эгшиглэнт нугалаан дунд уу?

Эрмэг хангал морины чинь

Эрчит дөрвөн туурайнд уу?

 

Гуниг чинь хаанаа нуугддаг юм бэ?

Гуниггүйхан эр хүн минь ээ

Галынхаа  дөлөнд  улайтгасан

Хас буу, тамганы чинь сүлдэнд үү?

Хуруунд чинь түүх болон үлдсэн

Хаан сүйх бөгжний чинь мөрөнд үү?

 

Гунигаа хаана орхисон юм бэ?

Эр хүн та

Найман зууны тэртээх

Найман нуурын хөвөөнд үү?

Нартад  домог болон үлдсэн

Номун хааны титэмд үү?

 

Гунигыг чинь би

Эр бор харцагын

Эгшиглэнт нугалаа

Эмнэг хангал морины чинь

Эрчит дөрвөн туурайнаас хайлаа олсонгүй ...

Гундуухан хэрнээ, гуниггүйхан л алхах

Эр хүний гуниг хаанаа нуугддаг юм бэ?

 

 

Миний нутгийн үүлс...

Торгон цэнхэр цаасан дээр

Уран галбир үүсгэж

Тоонот цагаан хадган дээр

Уяхан замбуу тив аялуулсан

Миний нутгийн үүлс

Тогло доо, тогло

Нутгийнхаа тэнгэрт

Уургач Монгол эрийн

Унаган хүлэг морьдоос

Халхын сайхан бүсгүйн

Хасын царай хүртэл

Биеэрээ урласан урланг чинь

Зуун бээрээр ширтлээ

Биелж буулгасан бүтээлийг чинь

Зуун дамжин харлаа

Чиний үзгүй тэнгэр

Аав минь үгүй өдрүүд шиг уйтай

Чиний урлангүй хорвоо

Аялгуу нь мартагдсан дуу шиг уйтай

Миний нутгийн үүлс

Тогло доо, тогло

Нутгийнхаа тэнгэрт

Хүү шиг нь эрхэл дээ эрхэл

Тэнэгэр говийн эрхэст

Түмэн тэмээ бэлчээж

Түмэн тэмээдийн бэлчирт

Тэргэл саран хөвүүлсэн

Миний нутгийн үүлс

Тогло доо, тогло

Нутгийнхаа тэнгэрт

Жаран жарныг элээн

Урла даа урла, урлангаа

 

 

Аав минь ...

НАмрын шаргал наран

Унийн толгойд наадах цагаар

Найман сарын бороо

Урьтаж орох үеэр

Нас насны нөмөр

Ухаанд мниь суух өдрөөр

Намайг нулимсаар минь бүрхсэн

Уйтгарын манан буух үесээр

Аав минь

Араатнууд мөчир дээр нь суусан

Алтан харганагыг

Амиараа хамгаалах гэж

Алсын их уулсыг зорьсон юм

Ижийн минь сэтгэлд

Хагацал ирэх цагаар

Ингэн буйлаан

Толгод дамнах үеэр

Ижлээсээ гүйсэн адуу

Эргэж ирэх өдрөөр

Инж цэцэгсийн дэлбээ

Хумьж нуугдах сараар

Аав минь

Араатнууд мөчир дээр нь суусан

Алтан харганагыг

Амиараа хамгаалах гэж

Алсын их уулсыг зорьсон юм

Тэнгэрийн их дуу

Айраг бүлүүлэх цагаар

Аав минь ирээгүй

Тэмээн жингийн цуваа

Алсыг зорьж

Айл нүүдэллэх цагаар

Аав минь бас л ирээгүй ...

Аав минь

Алтан харганагын мөчрийг

Араатнуудаас хамгаалах гэж

Айраг бүлэх цагаар иргээгүй байх

Ахиад арван зуун жилээр хамгаалах л гэсэндээ

Айл нүүдэллэх цагаар, бас л ирэхгүй байх

Аав минь

 

Намар шиг

Намар шиг

Зөөлөн харцнаас чинь

Навчис унахыг би

Зүүд мэт санаж

Намар шиг

Сайхан хайраас чинь

Итгэл гэрэлтэхийг

Амьдрал мэт бодож

Намар шиг

Тансаг уруулаас чинь

Үнсэлт амсчихаад

Мөнхийн юм шиг санаж

Намар шиг

Дулаан сэтгэлийг чинь

Налж хэвтэхдээ

Дурлал юм шиг эндүүрч

Намар шиг

Эгэл төрхнөөс чинь

Жаргал амсахдаа

Эгнэгт оршихгүй мэт эндүүрч

Намар шиг чамаасаа

Намар шиг бүхнийг амсчихаад

Намар шиг дурсамж л үлдээлээ

Намар шиг бас чамаас явах нь

Гэхдээ

Намар шиг бас чам дээрээ ирж

Намар шиг бүхнийг чамдаа эргүүлж өгнө өө

Намар шиг намар шиг учрал минь

Ямархан ...

Ямархан сэтгэлийн үгийг чамдаа хэлж

Ямархан итгэлээр өөрийгөө би чимэх вэ?

Ямархан харцны туяаг чам дээрээ тусгаж

Ямархан гэрлийг өөртөө шингээх вэ?

Ямархан үгийн сондорыг өөрөөсөө нисгэж

Ямархан шүлгээр чамайгаа би хөглөх вэ?

Ямархан хөгжмийн зэмсгийг өөр дээрээ тоглож

Ямархан тансаг аялгуугаар чамайгаа жаргаах вэ?

Ямархан ертөнцийн эхлэлд хоёулаа учирч

Ямархан хайрын түүхийг бүтээх вэ?

Ямархан амьдралын хаалгыг хамтдаа татаж

Ямархан орчлонд домог болон үлдэх вэ? хоёулаа

(Нийт: 65)